Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг Lumino хамтлаг анх байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн нүүрийг үзээд байна.
Тус хамтлагийн уран бүтээл хэсэг хугацаанд зогсонги байдалтай байсан ч тэд зүгээр суугаагүй гэдгээ шүтэн бишрэгчдэдээ харуулахаар шийджээ. Тухайлбал, хамтлагийн гишүүн Анхаа “Introduction to Nomads” хэмээх chillout хөгжмийн цомог гаргасан бол хамтлагийн дуучин Baji “R’nb Эхлэл” хэмээх цомгоо бичүүлээд дууссан байна. Харин хамтлагийн ахлагч МС-гийн хувьд ирэх тавдугаар сард хоёр цомог болон өөрийнхөө бичсэн “The Secret Of Rap” нэртэй номоо худалдаанд гаргах гээд нэлээн зав муутай байгаа аж. Ямартай ч энэ зун Lumino хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээрээ фенүүддээ бэлэг барих нь. Тэд саяхнаас Pro-Sound студи дээр шинэ дуунуудынхаа бичлэгт орж эхэлжээ.