2011-07-27

М.Сунам-Уудам: БҮХ ХҮН МОНГОЛООР ЯРИХ НЬ ГОЁ

"Авьяаслаг хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шаг­налт Уудам манай эх оронд тав хоно­гийн хугацаатай ирээд байгаа талаар манай со­нин өмнөх ду­гаартаа мэ­дээлж байсан билээ. Тэ­рээр "DOZ" энтер­тайн­мэнтийн урилгаар "Хөх толботой хүмүүс" кинонд тоглохоор ирсэн бөгөөд ирснийхээ маргааш өг­лөө л Улаан­баатараас 100 гаруй километрийн зайтай "Молцог элс" хэ­мээх газар руу зураг авал­тад оролцохоор явжээ. Түүнтэй уулзахаар кино зураг авалтын талбайг зорилоо.

 
ӨӨРТӨӨ ДУГУЙ, ЭГЧДЭЭ КОМПЬЮТЕР АВААД ӨГЧИХВӨЛ ЗОРИЛГО МИНЬ БИЕЛНЭ ГЭЖ БАЙЖЭЭ
Үдийн 12 цаг өнгөрч байхад бид Молцог эл­сэнд очив. Элсэн даваа, гүвээг давсаар зураг авал­тын талбайд очиход ганц гэр барьчихсан, дэр­гэд нь гуч гаруй морьд уячихаж. Зарим морь нь уралдах гэж байгаа мэт дэл, сүүлээ боолгосон байв. 
Гэрийн цаахна талд хэсэг залуу зураг авал­тад ашиглах бололтой тийм ч өндөр биш кран, том жи­жиг камер зэргийг суури­луулаад зогсч бай­на. Мөн цаахна талд нь гурван хүүхэд элсэн дээр тоглож байв. Тэдний дунд бид­ний зорьж очсон хүү алга. Харин гэр дотор "DOZ" энтертайнмэнтийн захи­рал, найруулагч, жү­жиг­чин Ш.Доржсүрэн, түү­ний гэргий, жүжигчин Б.Мөнх­зул, Урлагийн гавь­яат зүтгэлтэн П.Цог­зол на­рын хүмүүс байлаа. "Хөх толбот хүмүүс" кино­ны найруулагчаар жүжиг­чин Ш.Доржсүрэн ажил­лаж байгаа бөгөөд зураа­чаар нь П.Цогзол гуай, зураг­лаачаар нь Д.Отгон­зориг нар ажил­лаж бай­гаа ажээ. Одоохондоо зураг авалт эхлэх хараа­хан болоогүй байгаа бо­лол­той талбайгаа засаж байв. Ингээд гэрийн гад­нахыг цэгцэлж, камераа яг таг бэлэн болох үед найруулагч "Одоо жү­жигч­дээ авчиръя даа" гээд жолоочоо явуулав. Төд удсангүй жүжигчид ирлээ. МУГЖ Дагийранз, Бор­хүү, "Тусгай салаа"-ны Дэндэв буюу жүжиг­чин Эрдэнэбаяр нар гэ­рийн цаахна байх гүвээ даваад гараад ирэв. Ха­рин тэд­ний араас Уудам хүү саа­рал майк, "Adidas" гэсэн бичигтэй хар хөх өмд өмс­чихсөн, нэг гар­таа дээл, нөгөө гартаа монгол гутал сугавчил­чихсан гарч ирэв. Хүү төсөөлж байс­наас  туран­хай ажээ. Тосож очоод мэнд­лэхэд "Сайн байна уу, намайг Уудам гэдэг" гэж байна. Тэрээр 12 нас­тай бөгөөд 1999 оны ес­дү­гээр сарын 9 буюу та­ван ес давхацсан өдөр төр­сөн гэнэ. Уудам хүү­гийн бү­тэн нэрийг Сунам-Уудам гэдэг. Түүнийг тө­рөхөд аав, ээж хоёр нь лам багшаасаа нэр асуу­хад Сунам гэсэн нэр хайр­­ласан бөгөөд өөрс­дөө Уудам гэсэн нэр өгө­хөөр бэлдсэн байсан тул хоёр нэрээ нийлүүлээд Сунам-Уудам гэсэн нэр өгчээ. Аав, ээж нь Өвөр Монголын Хөлөнбуйрт баян айлын мал маллаж амьдардаг, амины цөөн хэдэн малтай байсан бө­гөөд хүүгээ сургуульд оро­ход нь аймгийн төвд до­туур байранд суулгажээ. Уудам хүү дээрээ ганц эгч­тэй, айлын бага хүү. Тэрээр таван настай байх­­­даа нэгэн тэмцээнд орсон бөгөөд шүүгчдийн өмнө "Өөрөө нэг дугуйтай болоод, эгчдээ компьютер аваад өгчихвөл миний энэ тэмцээнд орсны минь зорилго биелнэ" хэмээн хэрсүү гэгч нь ярихыг Өвөр Монголын алдар­тай дуучин гэр бүл болох Бүрэнбаяр, Урнаа нар хараад дэмжиж ажилла­хаар болжээ. Бүрэнбаяр, Урнаа нарыг манай ун­шиг­чид сайн мэдэх байх. Яагаав нөгөө "Нурмаа, нар сар одон гурав юу вэ, Навч цэцэг жимс гурав юу вэ"-г дуулдаг уран бүтээл­чид шүү дээ. Тэд хүүг ха­раад Хятад даяар алдар­тай найрал дууны "Таван тансаг" хамтлагтаа авсан юм байна. Сунам-Ууда­мын ээж нь хүүгийн­хээ дуулахыг маш их дэмж­дэг, тоглолт бүрийг нь очиж үздэг байсан бөгөөд найман настай байхад нь тоглолтыг нь үзчихээд гэр рүүгээ буцаж явах замдаа авто маши­ны осолд орж нас бар­жээ. Харин дараа жил нь аав нь мотоцик­лиос унаж гэмтэл авс­наар мөн л өөд болж, бяцхан хүү ганц эгч­тэйгээ хоёулхнаа үлд­сэн ажээ. Өдгөө тэрээр Хө­лөн­­буй­рын "Хүлэн" бага сургуу­лийн тавдугаар ан­гид сурдаг гэнэ. Сургуу­лийн­хаа дотуур байранд амь­дардаг тэрээр ерөн­хий­дөө хамаатныхаа өвөө­гийн асрамжинд бай­­­даг ажээ. Харин Мон­голд тэрээр Бүрэнбаяр, Урнаа нарын охин Нур­маа, продюсер Г.Батсүх на­рын­хаа хамтаар ир­жээ. 
БҮХ ХҮН МОНГОЛООР ЯРИХ НЬ ГОЁ
Жүжигчид гэрийн га­даа ирэхтэй зэрэгцээд дөрөв, таван хүүхэд мо­тоцикль бараадаад суу­чихаж. Тэд хүмүүсийг юу хийх нь вэ гэсэн шиг ан­хааралтай ажиглан сууц­гаах ажээ. Тэдний дунд жижигхэн биетэй хүү бай­сан нь Уудамын дүүгийн дүрд буюу жүжигчин Эр­дэнэбаярын бага насны дүрд тоглох Сүрэн ажээ. Тэрээр мөн л аав, ээжээ­сээ хагацаж, өнчин өрөө­сөн болсон хүү гэнэ. Хүү­гийн нүд цаанаа л нэг зов­лон үзсэн, өнчин өрөө­сөн хүнийх байлаа. Таван настай тэрээр өөрөөсөө насаар хол зөрүүгүй ах­тайгаа хамт нутгийнхаа айлуудад хоног төөрүү­лэн амьдардаг аж.
Зураг авалт эхлэхийн өмнө жүжигчин Б.Мөнх­зул Уудам, Сүрэн нарын үгийг нь цээжлүүлэхээр сургуулилт хийлгэж эхлэв. Яагаад ч юм аав, ээжий­гээ алдаад хорвоо дээр хоёулхнаа үлдэж бай­гаа ах, дүүгийн дүрд хоёр өнчин хүүхэд тоглохоор таарчээ. Уудам гурван жилийн өмнө аав, ээжээ­сээ хагацсан бол Сүрэн ч мөн адил аав, ээжээсээ салаад багагүй хугацааг туулж байгаа гэсэн. Зураг авалтын үеэр тэр хоёрын хамгийн эхний тексттэй хэсэг нь "-Ахаа, би өлсөөд байна. Аав, ээж хоёр хаач­­сан юм бэ. -Ах нь дүүдээ гоё идэх юм өгнө өө. Одооноос эхлээд чи бид хоёр хоёулхнаа үлд­­сэн  гэж мэд" гэж эхэл­дэг. Кинон дээр ч, амьд­рал дээр ч хоёулхнаа үлдсэн тэр хоёрын сургуу­лилт хийж байгааг харах үнэ­хээр өрөвдмөөр ажээ.                                Хоёр хүү жүжигчин Б.Мөнх­зулын хэлсэн үгийг ганцхан хэлүүлээд л цээжилчихнэ. Ингээд зу­раг авалт эхэлж, каме­рын өмнө гарлаа. Хөнд­лөнгөөс харахад Уудам, Сүрэн хоёр яг л өөрс­дөдөө тохиолдож байгаа зүйлийг харуулж байгаа ч юм шиг, харин бусад нь кинонд тоглож байгаа мэт хараг­даж байсан юм. Зу­раг авалтын эхний хэсэг зав­сарлах үеэр Уудам хүүтэй ярилцлаа. 
-Кинонд анх удаа тог­лож байгаа байх. Ямар санагдаж байна вэ. Дуулахаас хэцүү юм уу?
-Мэдэхгүй байна. Зу­раг авалт эхэлж байгаа учраас кинонд тоглох сайхан, муухайг хэлэх болоогүй байна. 
-"Авьяаслаг хя­та­дууд" шоунд "Алсад суу­гаа ээж" дууг дуулс­­­наар чинь хүмүүс ча­майг сайн таньдаг бол­сон. Өмнөх шатууддаа ямар дуу дуулсан бэ?
-Эхний шат болон гу­равдугаар шатандаа "Ал­сад суугаа ээж"-ийг дуул­сан. Харин хоёрдугаар шатандаа "Тариат минь" гэж ардын дуу дуулсан.  
-Хоёрдугаар шатанд сагсан бөмбөгийн ал­дарт тамирчин Яо Мин хөндлөнгийн шүүгчээр ажилласан гэж сонс­лоо. Чамд юу гэж хэл­сэн бэ?
-Нэг их юм хэлээгүй ээ. "Бээжингийн ардын хур­лын их танхимыг дуугаа­раа уудам, цэлгэр болгож байна" гэж хэлсэн. 
-Шоуны гуравдугаар байранд ороод ямар шаг­нал авсан бэ?
-Юу байсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Шагнал авсан гээд л хэл­чихье.
-Ангийнхан болон найзууд чинь чамайг яасан мундаг юм бэ гэж байна уу?
-Үгүй ээ. Тэд нар мэ­дээгүй байгаа. 
-Интернэтээс өөрийн­хөө дуулж бай­гаа бичлэгийг үзсэн үү?
-Үзэж байгаад дунд нь очоод үзэхээ больсон. Өөрийнхөө дуулахыг ха­рах тийм ч сонирхолтой байгаагүй. 
-"Алсад суугаа ээж" дууг хаанаас, хэрхэн сурсан талаараа ярих­гүй юу. Ээж чинь энэ дуунд дуртай байсан гэсэн?
-Анх зурагтаар дуу­лахыг нь хараад л сурсан юм. Би зөндөө олон дуу мэддэг ч ээж минь байх­даа энэ дуунд дуртай бай­­сан юм. 
-Өөр монгол дуу мэ­дэх үү?
-С.Жавхлангийн "Ээжийн чанасан цай"-г мэднэ. Бас "Ааваа зори­но" гэж дуу мэднэ. Гэхдээ одоогоор бүх бадгийг нь сурч амжаагүй байгаа. Мөн үгийг нь бүтнээр нь мэдэхгүй ч сонсох дуртай, дуулах дуртай монгол дуунууд зөндөө. 
-Дуулахаас өөр юунд дуртай вэ. Ком­пью­тер тоглох дуртай юу?
-Дэмий цаг үрж тоглох дургүй ээ.
-Шүүгчдийн өмнө "Миний мөрөөдөл бүх дэлхийг ногоон өнгөтэй болгох бэх зохиох" гэж байсан. Мөрөөдлөө яаж биелүүлнэ гэж бодож байгаа вэ?
-Би тэмцээний өмнө зүүдэлсэн юм. Зүүдэндээ би бэх зохиогоод, түүний­гээ газарт дусаахад бүх дэлхий ногоон өнгөтэй болж байсан юм. Түү­ний­гээ л шүүгчдийн өмнө хэл­сэн хэрэг. 
-Том болоод дуучин болох уу?
-Мэдэхгүй ээ, бодож үзээгүй. Ирээдүйн юмыг одоо бодоод дэмий. 
-Чамайг онц сурдаг гэж сонссон. Ямар хи­чээлдээ дуртай вэ?
-Бүх хичээлдээ дур­тай. Тэмцээнд орох гэж хэд хоног хичээлдээ суу­гаагүйгээс болоод тооны­хоо хичээл дээр жаахан тааруу дүн авсан. 
-Онгоцонд явж байх­даа сэтгэл чинь их хө­дөлж байсан гэсэн. Мон­голыг хэрхэн төсөөлж байв?
-Бүгд гоё шүү дээ. Бүх хүн монголоор яриад. 
-Монголын юу нь хам­гийн сайхан байна вэ?
-Ааруул.
Биднийг ийн ярилцаж байтал бусад хүүхдүүд элсэн дээр тоглохыг ха­раад гүйгээд явчихав. Араас нь очтол манай зурагчинд хандан "Би элсэн дээрээс үсэрч бай­гаад зураг авахуулъя" гээд үсэрч гарлаа. Хята­дад сурвалжлагч нар ярилцлага авна, зургийг нь авна гээд байнга араас нь дагах болсон нь хүүг жаахан залхаагаад бай­гаа хэ­мээн түүний прод­юсер тайлбарлав. Мөн Уудам хүү дуулахаас гад­на маш хурдан гүйдэг. Сургуу­лийнхаа гүйлтийн тэм­цээн дээр урдаа хэ­нийг ч оруулдаггүй гэж бай­лаа. 
Өдгөө 12 настай гэхэд хүү дэндүү гэмээр хэрсүү ажээ. Шанхайд болсон орон орны авьяастны тог­лолтод дуулах үеэр нь зохион байгуулагчдын зүгээс тайзнаас буухаар чинь сэтгүүлчид асуулт асууна. Тэр үед нь ингэж хэлээрэй гээд үг зааж өгөх гэтэл "Би та нарын хэлсэн үгийг хэлэхгүй ээ. Өөрийнхөөрөө байна" гээд ширээг нь өшиглө­чихсөн гэнэ.  Мөн Хя­тадын "Сони" корпора­цийн зүгээс таван жилийн хугацаатай гэрээ хийх гэсэн ч хэрэв гэрээнд га­рын үсэг зурчихвал хятад хүн болчихно гэж үзсэн  учраас зөвшөөрөөгүй гэж түүний продюссер Г.Бат­сүх ярьж байсан. 
Үнэхээр Уудам хүү өөрийн гэсэн бо­долтой, насандаа байм­­гүй ухаа­лаг ажээ. Тэрээр "Мон­голд байх гоё бай­наа. Хүмүүс монго­лоор яриад л. Энэ хам­гийн их таалаг­даж байна. Том болохоо­роо би бу­цаад ирэх байх аа" гэсэн юм.
С.АЛТАНЦЭЦЭГ
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms