2010-06-17

Iphone 4 худалдаанд


Хар болон цагаан хоёр өөр өнгөний сонголттой байх iPhone 4 энэ сарын 24-нөөс эхлэн АНУ болон бусад дөрвөн улсад худалдаалагдаж эхлэх гэнэ. Харин үнийн тухайд 16GB багтаамжтай нь 199 ам.доллар, 32GB хувилбар нь 299 ам.доллар байх аж.

Жобсын мэдэгдсэнээр iPhone 4 нь өмнөх iPhone 3GS хувилбараас 24 хувиар нимгэн бөгөөд ердөө 9,3 мм зузаан, дэлхий дээрх хамгийн нимгэн смартфөүн болох гэнэ. Смартфөүний арын хэсэг нь шилэн гадаргуутай байх бөгөөд ирмэгээрээ метал хүрээтэй юм.

Видео дуудлага хийхэд зориулж, смартфөүний урд талд камер байрлуулсан бөгөөд харин ар талд байрлах уламжлалт камер нь LED гэрэлтэй болсноос гадна 5.0 мегапиксель, таван дахин zoom хийх боломжтой болсон байна.



Өмнөх iPhone-ийн учир дутагдалтай зүйл байсан нь multitasking буюу нэг дор олон программ ачаалах функц байдаггүй байсан бол iOS хэмээн нэрлэсэн шинэ үйлдлийн системд multitasking функц багтжээ.

iOS 4 үйлдлийн системийн тухайд энэ сарын 21-нээс эхлэн үнэгүй татаж авах боломжтой болох учир iPhone 3GS гар утастай хэрэглэгчид смартфөүнийхээ үйлдлийн системийг сайжруулах боломжтой ажээ. Харин iPhone-ийн өмнөх загваруудад тохирохгүй юм байна.

Шинэ загварын iPhone 4 нь мөн баттерейны хүчин чадлын хувьд сайжирсан. Тодруулбал 3G сүлжээнд долоон цаг тасралтгүй ярих ба Wi-Fi ашиглан интернэтэд холбогдоход 10 цагийн турш цэнэгтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхгүй гэнэ.

Дашрамд дурдахад, энэ жилийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалтад 57 орны 5200 гаруй оролцогч оролцож байгаа юм. Харин тасалбар худалдаанд гарснаас хойш ердөө наймхан хоногийн дотор бүрэн зарагдаж дууссан бөгөөд тасалбарын үнэ 1599 ам.доллар юм.



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms