“Үнэхээр сайхан тоглолт боллоо. Ээж, аав нь хүүгээрээ маш их бахархаж байна. Миний хүү их сайн бэлтгэсэн байна” хэмээн дуучин Д.Болдын ээж Ж.Цэцгээ тун сэтгэл хангалуун өгүүлж байлаа. Үнэхээр ч Монгол поп урсгалыг санаачлагч Д.Болдын тоглолтын бүх зүйл нь мэргэжлийн өндөр түвшинд болж, зохион байгуулалт, бэлтгэл ярихын аргагүй сайн байсныг илтгэсэн.
Манай оронд гадны соёл салбар бүрт нэвтэрч, Монгол улс маань ямар ч “дархлаагүйгээр” тэр бүхнийг хүлээн авч буй нь даяаршиж буй нийгэмд том хэмжээний газар нутагтай ч цөөхөн хүн амтай улс маань уусан замхарч болох аюулыг авчирч болзошгүй юм. Харин улс үндэстнээ тусгаар авч үлдэх тэрхүү хүчирхэг “дархлаа” нь залуусын сэтгэл зүрхэнд шингээх үндэсний бахархал билээ. Залуус зарим үед хөгшидийн сургаалийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх нь цөөнгүй. Харин нийгэмдээ манлайлагч болж чадсан залуус зөв үлгэр дуурайллаар үеийнхнийгээ болон дүү нараа уриалан дагуулж чадах нь тун чухал. Үүний нэгэн жишээ бол дуучин Д.Болд юм. Тэрээр юм л бол “улаан хивс” хэмээн бусдыг дуурайсан үйл ажиллагааг “цагаан эсгий”-ний ёслол болгон өөрчилсөн нь түүн дээр алхан явах эрхмүүдийг эрхгүй тэргүүнээ өндөрт өргөн эх орноороо бахархах сэтгэгдлийг төрүүлсэн билээ. Цаашид ч эзэн Чингисийн үеэс эсгийг дээдлэн төрийн ёслол хүндэтгэлд ашиглаж ирснийг сэргээх, уламжлал болгохыг уриалах зорилгоор ийн Цагаан эсгийний ёслолын санаачлаг үргэлжилсээр байх биз ээ.
зурагнууд: inet.mn