Улаанбаатар хотоос түвд иргэнийг баривчлан саатуулж байгаа талаар Азийн чөлөөт радиогийн цахим хуудснаас мэдээлжээ. Тус цахим хуудаснаа Нью-Йорк дахь Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах мэдээллийн төв хорооны мэдэгдлээс дурдсан байна.
Хятадын Өвөр Монголын Ордос хотын цагдаагийн байгуууллагын ажилтнууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын ойролцоогоос Түвдийн анагаах ухааны коллежийн захиралыг баривчилжээ.
Монгол гаралтай, хятад үндэстэн 35 настай Батзангаа гэгч эр Хятадын Өвөр Монголын нутагт Монгол-түвдийн уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэх сургалтын сүлжээ байгуулсан байна. Хятадын дөрвөн цагдаагийн ажилтан монголын 10 цагдаагийн ажилтны тусламжтай Батзангааг эхнэр Баянхуар болон есөн настай охины хамт 10 дугаар сарын 3-нд Улаанбаатар хот дахь НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал эрхлэх газрын үүднээс баривчилжээ.
"Тэд биднийг Монголоос Хятад руу буцаан авч явсан. Бид Түвдийн анагаах ухааны сургууль байгуулахдаа зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхийг шаардан эдийн засгийн гэмт хэрэгт буруутгаж байгааг хэлсэн" гэж Батзангаагийн эхнэр Баянхуар ярьжээ.
Нью-Йорк дахь Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах мэдээллийн төвийн мэдээлснээр баривчлагдсан гурван хүнийг Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хошуунд авчирчээ. Батзангаа нь Хятадын нутгаас гарахын өмнө Ордос хошуунд Монгол-Түвдийн уламжлалт анагаах ухааны сургууль байгуулсан ч Хятадын эрх баригчидтай сургуулийн үйл ажиллагааны улмаас хэд хэдэн удаа санал зөрөлдөж байсан гэж Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах мэдээллийн төвийн гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Одоогоор Батзангаагийн эхнэр, хүүхдийг саатуулах байрнаас гаргасан ч хяналт бүхий харуул хамгаалалттай байранд байрлуулжээ. Батзангааг баривчлах тухай орон нутгийн засаг захиргааны албан ёсны мэдэгдлийг 10 дугаар сарын 8-нд эхнэрт нь мэдэгдсэн байна. Одоогоор Батзангаа нь Ордос хошууны Доншен дүүргийн түр саатуулах газар хоригдож байгаа аж.
"Биднийг хэн нэг алахыг оролдож магадгүй гэж нөхөр маань хэлсэн. Бидний байгаа байшингийн интернэт болон утсан холбоог тасалсан. Бид Монголд улс орогнох өргөдөл гаргасан. Мягмар гарагт саатуулах байранд очиж нөхөртэйгөө уулзсан. Та бүхэн нөхрийг маань яаралттай суллаж өгнө үү" гэж Баянхуар хүний эрхийн газар хандсан байна.
Хятадын харъяа Түвдийн нутагт эмх замбараагүй байдал гаргахаас эмээн Хятадын Засгийн газар монгол, түвдүүдийн соёлын харилцаанд ихээхэн санаа зовнидог гэж Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах мэдээллийн төвийн тэргүүн Си Хаимин хэлжээ. "Энэ хэрэг нь улс төрийн холбоотой гэж би бодож байна. Маргааны эхэн үед орон нутгийн удирдлагууд мөнгөтэй холбоотой юу ч ярьж байгаагүй. Энэ эдийн засгийн холбогдолтой хэрэг биш. Батзангаа улс төрийн орогнол хүсэхээр явж байгаад НҮБ-ыг төлөөлөгчийн газрын гаднаас монгол, хятад цагдаагийн ажилтнуудад баривчлагдсан НҮБ-ын дүрвэгсэдийн хэрэг эрхэлсэн дээд коммисарын газар орогнол хүсэгчдийг эрхийг хамгаалдаг биш билүү. Эсвэл үгүй юу?" гэж Си Хаимин нэмж хэлжээ.
Батзангаа нь 2001 онд Ордос хошууны Доншен дүүрэгт Монгол-Түвдийн анагаах ухааны сургууль нээжээ. Тус сургуульд 100 гаруй өвөр монгол оюутан элсэн оржээ. Үүний дараа тэрбээр Хөхнуур мужийн Хэнань дүүргийн Монгол-түвд эмнэлэгийн удирдамжаар эмнэлэг байгуулсан байна. Орон утгийн удирдлагууд түвд, монголчуудын харилцаа бэхжиж байгаад сэрэмжилж, сургуулийн үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрлийг цуцалжээ.