Эх орноо хятад иргэнээс өмөөрснийхөө төлөө хэрэгт буруутгагдан, Сумогийн холбооны хурлаар хэлэлцэгдэхээсээ өмнө тэрбээр ийнхүү өөрөө их дэвжээгээ орхихоо зарлалаа. Нэр төрд нь зохион байгуулалттайгаар, олон удаа халдаж байгаагаас ийм шийдвэр гаргахаар болсноо Их аварга энэ үеэр мэдэгджээ.
Гэхдээ Их аварга Д.Дагвадорж Мэргэжлийн сумогийн холбооны шахалтаар зодог тайлахаас өөр аргагүй болсон гэх мэдээлэл ч байна. Мэргэжлийн сумогийн түүхэнд байгаагүй амжилт гаргаж, цаашид хичнээн удаа ч аварга болж чадахаар бяр хүч Их аваргад бий. Яг энэ үедээ дэвжээгээ орхиж байгаа нь олон мянган шүтэн бишрэгчийнх нь урмыг хугалж байна. Гэхдээ монгол эр хүний ноён нуруутай, алсыг харсан шийдвэр гаргасан гэдэгт олонх нь итгэж байна. Үнэхээр ч баргийн юманд толгой гудайдаггүй монгол эр хүний зангаар ийм шийдвэр гаргасан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.