2010-02-19

Монгол Солонгосчуудын эх орон уу?


Хятадууд Монгол үндэстний урлаг болох морин хуур, уртын дуу, хөөмийг НҮБ-ын соёлын өвийн санд өөрийн улсын нэр дээр бүртгүүлжээ. Хятадын төрөөс явуулж буй соёлын бодлогын учрыг Монголчууд одоо л ойлгож байгаа бололтой. Хоёр улсын соёлын харилцааны шугмаар Хятадын тал Монголын гэх урлагийн өвүүдийг сайтар сурч, судалжээ. Одоо хятадууд тэднийг өөрийн мэт хөгжүүлж, сурталчилна. Ингэснээр эдийн засгийн хувьд Хятадаас хараат Монгол нь соёлын хувьд ч Хятадын хэсэг мэтээр дэлхийд танигдах нь гэж монголчууд зовинож байна. Гэвч Хятадын аюулын талаар санаа зовох монголчуудыг өөр нэгэн үндэстний чимээгүй давлагаа аль хэдийнээ нөмөрчээ. Тэр үндэстэн бол Хятадын эртний соёлыг зээлдэж, өөрийгөө “Хан” хэмээн нэрлэсэн Өмнөд Солонгосчууд.



Саяхан Монголын өдөр тутмын нэгэн сонинд Өмнөд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай нэгэн эмнэлгийн солонгос эзэнтэй хийсэн ярилцлага нийтлэгджээ. Монголд бизнес эрхэлж байгаа гадаад хүний жирийн нэг ярилцлага. Өндөр настай тэр солонгос эрийн ярьсан зүйлс дотор “Монголд байхдаа өөрийгөө гадаадад байгаа гэж боддоггүй” гэсэн үгс байна. Энд нэг их чухал зүйл алга. Сайндаа л энэ солонгос өвгөн Монголд их дасжээ гэх сэтгэгдэл төрүүлнэ. Гэтэл Монголд огт хөл тавьж үзээгүй Солонгос залуус дээрхтэй ойролцоо утгатай үгийг хээв нэг хэлэх нь цөөнгүй ажээ. Азийн интернэт хэлэлцүүлэг, форум болон янз бүрийн веб сайтууд дээр Монгол орны түүх, соёлын талаар Солонгос залуусын бичсэн зүйлийг уншихад эмнэлгийн эзэн өвгөн дээрх үгээр юу хэлснийг ойлгоно. Олон солонгос залуус Солонгос, Монгол хоёр үндэстэн нэг өвөг дээдэстэй бөгөөд эрт дээр үед солонгосчууд Монголд амьдарч байсан гэж итгэдэг ажээ. Тэр бүү хэл заримых нь бичсэнээр арван мянган жилийн өмнө солонгосчуудын өвөг дээдсийн байгуулсан агуу эзэнт гүрний үед өнөөгийн Монгол нь Солонгосын газар нутгийн нэг хэсэг байсан гэнэ. Тэд Монголын нутгийг тэрхүү Солонгос гүрний нэг хэсэг мэтээр харуулсан видео хүртэл хийж youtube.com сайтад байрлуулсан байх юм.
Монгол, солонгосын ард түмний нийтлэг үүслийн талаар солонгосчууд төдийгүй Монголын нэр цуутай зарим нэг хүмүүс сурталчлах болсон байна. Монголын нэрт нийтлэлч Баабар “Алтай овгийн хэлтнүүдийн соёлын нөхөрлөл” нэрийн дор 2009 онд Өмнөд Солонгост зохион байгуулсан хуралд зориулан уншсан илтгэлээ өөрийн веб сайтад байрлуулжээ. Түүний илтгэлд монгол, солонгосын ард түмэн хоёул алтай язгуурын хэлтэй тул гарал нэгтэй гэсэн санаа маш тод. Түүний бичсэнийг уншвал Баабар өөрөө түрэг, манж, солонгос хэл сайтар эзэмшсэн хэл судлаачын хувиар монгол, солонгос хэлний холбоог тайлбарлажээ гэмээр сэтгэгдэл төрнө. Тэр үүнийг ямар алсын санаа агуулж бичсэнийг мэдэхгүй. Үнэндээ бодит байдал түүнийхээс арай өөр. Солонгос хэл судлаач эрдэмтэд өнөөг хүртэл солонгос хэлний үүслийг бүрэн тайлбарлаж, энэ талаар санал нэгдэж чадаагүй ажээ. Эрдэмтэд солонгос хэлний үүслийн тухай хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн байна. Эхний таамаглалаар бол Солонгос хэл Зүүн өмнөд азийн Номхон далайн арлуудын авсронези хэлнээс үүсэлтэй гэнэ. Дараагийн онол солонгос хэлийг одоо тогтоогдоод буй хэлний бүлгүүдийн аль нэгэнд хамааруулах боломжгүй өнчин хэл гэж үздэг байна. Гурав дахь таамаглалаар солонгос ба япон хэл нийтлэг гарвалтай бөгөөд энэ хоёр хэлийг бусад хэлнээс тусад нь ангилдаг. Өөр бусад таамаглалууд солонгос хэлийг дүрмийн төстэй шинжээр нь дамжуулан Өмнөд азийн дравид, тамил хэлний бүлэг, аль эсвэл алтай хэлний бүлэгтэй холбохыг оролддог байна. Эдгээрээс солонгос хэл бусад хэлийг бодвол япон хэлтэй илүү ойр бөгөөд энэ хоёр хэл нийтлэг гаралтай, гэхдээ бусад хэлний бүлгүүдээс тусдаа байх гэсэн санаа эрдэмтдийн дунд одоо түгээмэл ажээ. Судлаачдын тогтоосноор солонгос хэлний үгсийн сангийн 60 орчим хувийг хятад хэлнээс зээлдсэн үгс, 30 гаруй хувийг жинхэнэ солонгос үг бүрдүүлдэг. Солонгос хэлэнд Майлайз, Филиппин, Индонез зэрэг Авсронези үгтэй дуудлага, утга ижил үгс тааралддаг ажээ.
Монгол, Солонгос үндэстний нийтлэг түүхийн тухай сурталчилгааны цаана ямар зорилго байгааг ойлгоход туслах нэгэн нийтлэл “Asia Times On-Line” хэмээх сэтгүүлийн 2006 оны 9 дүгээр сарын 16-ны дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг http://hnn.us/round/entries/30047.html сайтад байрлуулсан байна. “Өнгөрсөн үеэс зугтаж үл чадна” хэмээх гарчигтай тус нийтлэлийг Австралийн үндэсний их сургуулийн багш, хятад-солонгос судлаач Андрей Ланков бичжээ. Түүний нийтлэл Хятад, Солонгосын “түүхийн дайн”-ы тухай юм. Андрей Ланков юу бичсэнийг товч өгүүлье. Хятад, Өмнөд Солонгос улсуудын хооронд өнөөгийн Хятадын зүүн хойд муж, хойд Солонгосын нутагт оршин тогтнож байсан Когурёо, Бохай (Балхэ) улсын түүхийг бүрэн өөрийн болгон засаж бичих өрсөлдөөн нэлээд хэдэн жилийн өмнө эхэлжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Му Хён 2006 онд Хятадад айлчлахдаа Хятадын ерөнхий сайд Вен Зиабао-той уулзсан юм. Энэ уулзалтаар ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хоёр орны эртний түүхийн асуудлыг чухалчлан ярилцсан нь тулгамдаад буй Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөр, Хятад-Солонгосын эдийн засгийн харилцааг хэлэлцэх байх гэж хүлээж байсан ажиглагчдын хувьд их хачин зүйл байсан ажээ.
Түүхийн асуудал энэ хоёр улсын төрийн дээд удирдлагын хэмжээнд хүртэл яригдсаны шалтгаан юу вэ? Судлаач Ланковын бичсэнээр энэ маргааны цаана бүс нутгийн улс төрийн тавцанд ашигтай байрлал эзлэх гэсэн дорны хоёр барын улс төрийн бодлого байгаа нь тодорхой ажээ. Өрсөлдөөн ширүүсэх явцад асуудал хоёр орны хүрээнээс хальж, түүх асар их гуйваж эхэлсэн байна. Энэ өрсөлдөөнд Солонгосын зүгээс нэгэн тактик хэрэглэв. Энэ бол Солонгосын түүхэнд  Кидан, Монгол аймгуудыг багтаах юм. Энэ талаар Өмнөд Солонгосын нэр хүндтэй “Донга Илбо” хэмээх өдөр тутмын сонинд бичжээ. Тус сонинд “Өмнөд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан хамгийн сайн хамгаалалт бол хүчтэй довтолгоо гэсэн зарчмаар [өрсөлдөөнд] хариу барь гэж засгийн газрыг шавдуулж байна. Ингэвэл Солонгос Гожосёон, Буёо, Гогурёо, Балхэ хаант улсын түүхийг хамгаалах төдийгүй өөрийн түүхэнд Елу, Кидан, Монгол аймгуудийн түүхийг багтаана гэсэн үг” гэж өгүүлсэн байна. Ланковын хэлснээр “Довтолгоог хариулах хамгийн шилдэг хамгаалалт, Солонгосын түүхэнд Монголын түүхийг багтаах хоёр нь ижил сонсогдож байна”.
Дээрх нийтлэлд буй баримтаас харвал Монгол, Солонгосын эртний нийтлэг түүхийн ухуулга нь хэдэн хүний санаан зоргоор ярьдаг зүйл биш бололтой. Түүхийг шинээр бичиж ухуулах асуудлын цаана Өмнөд Солонгосын төрийн бодлого оршиж байна. Мөн энэ бодлогыг хэрэгжүүлэх ажилд Өмнөд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан өргөн хүрээтэй татагдан оржээ гэж ойлгогдож байна. Үүнийг гэрчлэх мэт “Мон-Сол” хэмээх Өмнөд Солонгосын санхүүжилттэй археологийн судалгааны томоохон төсөл Монголд арав гаруй жилийн өмнөөс хэрэгжжээ. Тус төслийг Өмнөд Солонгост “Сол-Мон” гэж нэрлэдэг гэнэ. “Мон-Сол” (Сол-Мон) төслийн зорилго нь Монгол нутагт байгуулагдсан анхны төрт улс Хүннү гүрний түүхийг судлах бөгөөд Хүннүгийн археологийн дурсгалуудыг Солонгосоос олдсон археологийн олдворуудтай харьцуулан шинжлэх юм.
Үнэндээ Күнзийн сурталт, хөдөлмөрч хичээгүй Солонгосчуудын ярьж хэлж байгаа энгийн зүйлсийн цаана алсын хараатай бодлого, үйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаа нь маш гайхалтай.
Хүн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нөлөөг олж харахад тун хялбар. Хотын төвийн хэдэн гол гудамж, чөлөө Сөүл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Өмнө нь энэ гудамжууд өөр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сүрлэг том чулуун хөшөө сүндэрлүүлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Өмнөд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт төлөөлөгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ. Улаанбаатарын томоохон хорооллуудаар явахад гудамж болгонд солонгос хоолны газрууд тааралдана. Монголчууд халуун чинжүүтэй солонгос хоолыг өдөр тутамдаа зооглож заншиж байгаа бололтой. Мөн энэ хотод солонгос үндэстний хүндтэй зоог болох нохойн махан хоолоор үйлчилдэг хоолны газар хүртэл байдаг гэнэ. Нийслэл хотод солонгос эзэнтэй жижиг, дунд зэргийн зочид буудлууд хаа сайгүй тааралдана. Зарим нэг нь үүдэндээ Өмнөд Солонгосын далбааг хатгасан харагдана. Тэдгээр буудлуудад солонгос маягийн биеэ үнэлэх соёл аль хэдийнээ бий болсон гэж ярилцах юм билээ. Ажиллагсад нь монгол охидууд. Тэднийг “агаши” гэж дуудах ба тэднээр үйлчлүүлэгчид нь солонгос эрчүүд гэнэ. Харин тэдгээр зочид буудалд монгол хүн оруулдаггүй гэж нэг сонин дээр бичсэн байсан.
Монголын телевизийн томоохон сувгууд солонгос олон ангит киног өдөр шөнөгүй гаргана. Телевизүүд тэр олон киног худалдан авахын тулд хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг нь сонирхолтой л асуулт. Солонгосчууд монгол “ах дүүстээ” кино худалдахдаа үнийг нь бууруулдаг байж ч болох юм. Монголын телевизүүдээр гарах тэдгээр Солонгос кинонд голдуу солонгос залуусны хайр сэтгэл, бүтэлгүй дурлал гэх мэт үйл явдлууд дүүрэн байхаас гадна солонгос гэр бүлийн хэрүүл тэмцэл, өшөө авалт зэрэг айдас хүргэм сэдвүүд тун элбэг. Зарим нэг судлаач хүмүүс эдгээр кинонууд монгол хүүхдийн гэр бүлийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилж буйгаа хэлж байна. Учир нь хүүхдийн хөгжилд нийтийн мэдээллийн хэрэгсэл болон киноны нөлөө маш их гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан тогтоосон ажээ. Гэвч энэ мэт зөвлөгөөг Монголд тоож анзаарах нь тун ховор.Тэгээд ч Монголд ихэнх барууны орнуудад байдаг телевизийн мэдээлэл, киноны агуулгын талаарх тодорхой бодлого байдаггүй ажээ.
Улаанбаатрын залуусыг солонгос поп дуучид байлдан дагуулж байгаа бололтой. Хоолойны хүч сулхан боловч өмссөн зүүсэн нь гял цал, нүүр биедээ мэс засал хийлгэсэн Солонгосын одод монгол залуусын даган дуурайх дүр болжээ. Залуус нь солонгос дуучин, жүжигчдийг дуурайн хувцаслана. Үүнийг Улаанбаатар хотод буй их сургууль, коллежуудаар ороход л харж болно. Солонгос маягаар үсээ урт засуулж, хар өнгийн хүрэм өмсөж, урт ороолтоор хүзүүгээ ороож, солонгос нүдний шил зүүх нь залуусын чухал гангараа болжээ. Хөдөөнөөс орж ирээд удаагүй залуусын хувьд энэ загвараар гангарах нь тэднийг хотжиж иргэншсэн гэдгийг илтгэх чухал зүйл бололтой. Миний танил их сургуулийн багшийн яриагаар эрэгтэй оюутнууд эмэгтэй оюутнуудтайгаа өндөр дуугаар зандран харьцаж, бүр солонгос жүжигчдийн нүүрний хувирал, амны хөдөлгөөнийг нь хүртэл дуурайх болсон гэнэ. Монгол залуус үсээ уртхан ургуулж, солонгос маягийн хувцас өмссөн нь тэдний нүүрний хэлбэр, биед зохиогүйгээс гадна тэднийг тун инээдэмтэй харагдуулах юм. Тэдгээр хотын залуусаас нүдэндээ галтай Төв ази залуусын хүчирхэг дүр төрхийг олж харахад тун бэрх.
Солонгосын нөлөө Монголын эдийн засаг, нийгмийн салбарт маш хүчтэй. 2008 оны байдлаар Өмнөд Солонгос Монголд оруулсан хөрөнгийн хэмээгээр Хятад, Оросын дараа эхнээсээ гуравт жагсжээ. Солонгосчуудын хөрөнгө оруулалт голдуу зочид буудал, хоолны газар, дэлгүүр гэх мэт жижиг үйлчилгээний салбарт хамаарна. Интернетийн вэб сайт дээр нэг солонгос нөхөр Монголын жижиг дунд үйлчилгээний салбарыг солонгосчууд гартаа авсан гэж сайрхан бичсэн байсан.
Монголчууд мөнгө олохын тулд Өмнөд Солонгост олноор ажиллахыг Өмнөд Солонгос дэмждэг. Үүний эдийн засгийн ач тус Монголын талд илүү гэж үздэг юм билээ. Гэхдээ энэ нь Монголд нийгэм гэр бүлийн хүндхэн асуудлыг үүсгэж байна гэж шүүмжлэх монгол хүмүүс цөөнгүй. Өмнөд Солонгост ажиллагсдын тоог албан ёсоор гаргахад хэцүү ч ойролцоогоор 30 орчим мянган хүмүүс байдгаас ихэнх нь залуу эрчүүд байдаг гэнэ. Энэ нь дан залуу эрчүүдийг авч ажиллуулах Солонгосын бодлоготой холбоотой. Тэд эрүүл мэндэд муу, солонгос хүний хийдэггүй хүнд ажлуудыг хийдэг.
Солонгос хүмүүс ч янз бүрийн зорилгоор Монголд ихээр зорчих болжээ. Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээгээр 2008 онд 40 орчим мянган солонгосчууд Монголд жуулчилжээ. Хүйсээр нь авч үзвэл тэдний ихэнх нь эрчүүд байдаг гэнэ. Тэдний нэлээд нь монгол эмэгтэйг солонгос эрчүүдтэй гэр бүл болгоход зуучлах агентлагийн үйлчлүүлэгчид байдаг бололтой. Монгол эхнэр авсан солонгос эрчүүд хэдэн мянгад хүрчээ. Монголд ирсэн солонгос эрчүүд монгол эхнэр авч, хоолны газар зэрэг жижиг бизнес эрхлэн Монголд суурших нь элбэг.
Сүүлийн үед Монголыг зорих Өмнөд Солонгосын парламентын гишүүд, эрх баригч намыхан зэрэг өндөр зэрэглэлийн төлөөлөгчдийн цуваа тасрахаа байжээ. Байгалийн баялгаа ашиглаж эхлэх гэж буй Монгол орон солонгосчуудын сонирхолыг нь татах нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Солонгосын элч төлөөлөгчид эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулах сонирхол маш их байгаагаагаа удаа дараа илэрхийлж байна. Тэд алсын бодолтой улсууд. Сургууль боловсрол, эрүүл мэнд тухайн орны хүний хөгжлийн гол салбарууд учраас Монгол хүний ирээдүй тэнд л бий гэдгийг сайн мэдэж байна. Үнэндээ Солонгосчууд Монголын засгийн газрын боловсролын бодлогыг тодорхойлоход аль хэдийн оролцож эхэлжээ. Монголын Боловсролын яаманд Солонгосын Боловсролын яамны төлөөлөгч тусгай өрөө гаргуулан суудаг байсан гэнэ. Монголын боловсролын хөтөлбөрүүдийг Солонгосын боловсролын загвараар хөгжүүлэх судалгааны ажлыг ч солонгосын талын судлаачдын заавар дор хийж эхэлжээ.
Монголын үндэсний эрүүл мэндийн салбар өөрийн олигтой бодлогогүйгээр бэрх замыг туулж байна. Энэ тохиолыг ашиглан солонгосчууд Монголын эрүүл мэндийн салбарт төвхөнөх бэлтгэлээ аль хэдийнээ хангаж эхэлжээ. Саяхан Монголд айлчилсан Солонгосын талын төлөөлөгчид 50 сая ам.долларын зээл ав, бид танайд эмнэлэг байгуулж өгнө, хурдан шийд гэсэн шаардлага ч гэмээр саналыг Монголын талд тавиад буй. Хэдэн жилийн өмнө Монголын анагаах ухааны боловсон хүчнийг бэлтгэдэг хамгийн том их сургуулийн дэргэд оюутныг сурган дадлагажуулах, Монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг хөгжүүлэх сургалтын төв байгуулах зорилгоор томоохон барилгын ажлыг эхлүүлжээ. Харин барилгын ажил дуусаж ашиглалтад ороход тэр нь монголын эрүүл мэндийн ирээдүйн боловсон хүчнийг хөгжүүлэх төв биш, 100 хувийн солонгосын хөрөнгө оруулалттай асар үнэтэй, баячуудад зориулсан Улаанбаатар-Сонгодо хэмээх хувийн эмэнэлэг болсон байжээ. Саяхан Улаанбаатарт байх нэгэн төрөх эмнэлэгийн байранд хүйн халдвар тархаж олон хүүхэд эндсэн гутамшигт хэрэг гарч, Монголын эрүүл мэндийн салбар ямархуу байгааг харуулсан. Гэвч ийм халдвар Улаанбаатрын төрөх эмнэлэгүүдэд өмнө нь гарч байжээ. Улаанбаатарт шинээр төрөх эмнэлэг байгуулах гэтэл хөрөнгө төсөв хасагдсан, дээр нь эмнэлгийн барилга барих газар олддоггүй гэж ярьдаг. Харин энэ бүхний хажуугаар сонирхолтой үйл явдал өрнөх ажээ. 2009 онд Монголын Улсын ерөнхийлөгч (Н.Энхбаяр) нь саяхан хүүхдийн хүйн халдвар гарсан эмнэлэгийн хашаанд Өмнөд Солонгосын Ён Сей хэмээх эмнэлгийн шинэ байр барих ёслолын үйл ажиллагаанд оролцсон гэнэ.
Өмнөд Солонгосчууд Монголын хөдөө аж ахуйн салбарт бодлогоо хэрэгжүүлээд эхэлжээ. 2009 онд Монголын Дорнод бүсийн газар тариалан хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэгчийг Солонгосын Койка байгууллагаас боловсруулж танилцуулсан. Тэр төлөвлөгөөг Монголын Хүнс, хөдөө аж ахуйн яамны нэрийн өмнөөс Өмнөд Солонгосын иргэн Монголын ерөнхий сайдад нь танилцуулжээ.
Өмнөд Солонгос Монголын нийгэм, соёл, эдийн засгийн чухал салбаруудад нөлөөллөө тогтоохыг хичээж, санасандаа хүрч байна. Ялангуяа, солонгосчууд боловсол, эрүүл мэнд зэрэг үндэстний ирээдүйг тодорхойлох салбарт бодлогоо хэрэгжүүлэхээр шаргуу ажиллаж байна. 2010 онд Монгол, Өмнөд Солонгосын хооронд дидломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Энэ тохиолоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак Монголд айлчлах төлөвлөгөөтэй. Энэ үед Монгол, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд болон сайд, төлөөлөгч нар хоёр ард түмний түүхийн талаар үг хэлж, хамтран ажиллах, хоёр үндэстнийг улам нягтруулан ойртуулах гэрээ, хэлэлцээрүүдэд ёслол төгөлдөр гарын үсэг зурах биз ээ.
Е.Өрнө
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms