“Хайрын рекорд” залуусын хайр сэтгэл хөгжилтэй амьдралын баяр жаргалтай үеүүдийг харуулсан кино гарч эхлээд байгаа билээ.Тэгвэл Энэ Киноныхаа талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.
Баттүвшин, түүний найзууд болох Эба, Баска нар бол хөгжилтэй залуус. Харин тэднийг нэг л өдөр дурлалын салхи нөмрөн авна. Дурлал гэдэг тийм ч амархан тоглоом биш болохоор залуусын амьдрал нэг л мэдэхэд орвонгоороо эргэж тэд бусдын өмнө буруутан болж хувирна . Баттүвшин болон түүний найзууд энэ ойлгомжгүй байдлаас гарахын тулд хайрынхаа төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулах инээдмийн романтик кино мэндэллээ.
Энэ талаар киног бүтээгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Хайрын рекорд” хэмээх тус киноны гол дүрд Ардын жvжигчин Г.Мягмарнаран, гавьяат жvжигчин Ц.Цэнд-Аюуш, Соёлын тэргvvний ажилтан Ж.Оюундарь, Б.Баатархvv, Б.Болдбаатар, Г.Эрхэмбаяр, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Т.Хулан, “Найзууд” театрын жүжигчин, “A Capella” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр болон залуу уран бүтээлчид тогложээ. Залуусын хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү кино нь маргааш “Өргөө”, “Соёмбо”, “Тэнгис” кино театруудад болох бөгөөд киноны энэ үеэр нэгэн хос хуримаа хийх гэнэ.
Киноны ерөнхий найруулагч Д.Галбаяр хэлэхдээ “Киноны нээлтийн улаан хивсний ёслол болно, мөн анх удаа “Тэнгис” кино театрт хурим болох юм. Энэ хурим хэний хурим гэдэг нь одоохондоо нууц хэвээр үлдэг. Үзэгчид ирээд хараарай. “Хайрын рекорд” кино бол гэгээлэг, хайрын тухай өгүүлэх романтик инээдмийн кино юм. Мөн энэ киноны уран бүтээлчид бүгд мэргэжлийн хүмүүс гэдгээрээ онцлог. Туршлагатай жүжигчид, залуу уран бүтээлчид тоглосон” хэмээн ярилаа.
Мөн Ардын жүжигчин Г.Мягмарнаран хурлын үеэр хэлэхдээ “Би Драмын жүжигчин хүн. Тэр ч утгаараа би энэ киног жүжиг болгохыг их хүссэн. Анх зохиолыг уншиж үзээд, шууд л таалагдсан. Их хөөрхөн, бас их зэвүүн. Ямарваа нэг киног үзэж байхад аан энэ чинь одоо ингэх юм байна гээд таагаад байдаг. Харин энэ кино таах аргагүй, тэр нь их зэвүүн шүү. Одоо ингэх болов уу гэхээр болохгүй. Зохиол бол үнэхээр сайн. Би энэ киног магтмаар байна. Гэхдээ өөрийнхөө хүүхдийг магтаад яваад байх утгагүй зүйл, тиймээс би магтаж хэлэхгүй ээ. Харин үзэгчид үзээд сэтгэгдлээ, шүүмжээ хэлээсэй гэж хүсч байна. Миний хувьд энэ кинонд тоглосондоо баяртай байна. Кино урлаг маань хөгжиж байна. Энэ залуу үеийнхэн хөгжүүлж байна. Үнэхээр Т.Хулан, Э.Мөнхтөр нар бол мэргэжлийн жүжигчин, залуу хүүхдүүд гэхэд их туршлагатай шүү. Та нар ч мэднэ дээ. Тиймээс энэ баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллахад тааламжтай байсан гэдгээ хэлмээр байна. Түүнчлэн кино бол бизнес. Харин энэ кино бол урлаг юм шүү” хэмээн хэлсэн юм.
Ямартай ч залуусын хайр дурлалын тухай өгүүлэх инээдмийн “Хайрын рекорд” уран сайхны кино нь маргааш “Өргөө” кино театрт 13.50 цагт, “Соёмбо” кино театрт 16.00 цагт, “Тэнгис” кино театрт 19.30 цагаас тус тус нээлтээ хийх юм.