Дуучин Ч.Ану саяхан болж өнгөрсөн "Улаанбаатарын загварын долоо хоног"-т "Урлах эрдэм" загварын товчооны хувцасыг өмсөж, шаггүй сайн загвар өмсөгч гэдгээ үзэгчдэд харуулаад авсан.
Түүний шинэ уран бүтээлийн стиль имижийг тус загварын товчооны "GT" брэнд тодорхойлж байгаа бөгөөд цоо шинэ дүр төрхтэй Ану "Citynight" сэтгүүлийн хойморт заларчээ. Уран бүтээл гэлтгүй гадаад байдлаараа ч тэр үргэлж шинэ содон өвөрмөц байхыг эрхэмлэдэг түүний шинэ дүр төрх сонсогч, фенүүдэд нь тун таатай байгаа гэнэ. Энэ удаад дуучин бүсгүй элегант дүр төрх бүтээхийг зорьсон ба зурганд гарсанчлан үнэхээр тансаг бас эмэгтэйлэг гарчээ. Магадгүй тэрбээр энэ дүр төрхөөрөө урьд нь ярьж байсан "Жинхэнэ эмэгтэй хүн болсон"-оо бодитоор тунхагласан нь биз. Мөн тэрбээр Монгол хатадын хэв маяг, донж төрхийг илтгэсэн имиж бүрдүүлэхийг завдаж, цаашлаад энэ чиглэлээр уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн сурагтай. Ийн уран бүтээлийн чиг хандлага болоод шинэ дүр төрх нь хэрхэн хувьсч өөрчлөгдөхийг цаг хугацааны эрх л хүмүүст харуулах биз ээ.
Ө.Халиун/www.INET.mn