2011-04-15

Манай хамтлагийн нэрийн хуудас болохуйц тоглолт болно


Энэ хаврын хамгийн сүүлчийн супер шоу тоглолтыг “Гурван охин” хамтлагийнхан хийх нь. Одоогоос 6 жилийн өмнө Монголын рок поп ертөнцөд хөл тавьж, олон чанартай, аялгуулаг уран бүтээлээр үзэгч фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг татсаар байгаа тэдний тоглолт анхны гэдгээрээ онцлог. Тиймээс тоглолтынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ана, Ану, Соло гуравтай ярилцлаа.



- Сайн уу хатагтай нараа. Уншигчдынхаа өмнөөс тоглолтоо хийх гэж байгаад тань баяр хүргэе. Анхны бүхэн айдас дагуулдаг. Та гурвын хувьд?

- Маш их баярлалаа. Уншигч залуусдаа ч энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээж анхны тоглолт гэдэг утгаараа сандарч, догдолж байна. Гэхдээ үнэхээр их бодож, төлөвлөж бэлтгэсэн болохоор айх зүйл бага байгаа. Харин ч тэр өдрийг тэсэн ядан хүлээж бас догдолж байна даа.

- Охидын хамтлагийн хувьд 6 жил гэдэг багагүй хугацаа. Та гурвыг “Гурван охин” хамтлагт юу нэгтгэж чадаж байна вэ?

- Урлагт болон бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, хайртай байдаг маань л биднийг өнөөдрийг хүртэл нэгтгэж ирлээ. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр биднийг нэгтгээгүй, нэг зорилго нэг хүсэл мөрөөдөл маань биднийг нэгтгэсэн юмуу даа. Мөн бид гурав бие биедээ үргэлж сайн хамтрагч төдийгүй хамгийн сайн найз байж ирсэн.

- Хамтлагаа байгуулж байсан цаг мөчөө эргэн нэг дурсаач. Өөрсдийгөө хэрхэн өөрчлөгдөж, хувьссан гэж бодож байна?

- Анх 10-н жилийн бяцхан охидууд дэлхийг байлдан дагуулна гээд л эхэлж байсан. /инээв/ Одоо бодоход яг тэр үедээ юунаас ч айдаггүй бас зоригтой нэг бодлын болчимгүй бодлогогүй байж дээ. Мэдээж бид энэ олон жилийн турш маш олон зүйл сурсан. Тэр хэмжээгээрээ өөрчлөгдөн хувьсч, шаардлагатай үедээ зоригтой шинэчлэлтийг хийж чадсан гэж боддог. Бүх л зүйлийг өөрсдийн гараар бүтээж босгосон болохоор хэдий алдсан ч бай, оносон ч бай өнгөрсөн он жилүүддээ хайртай.

- Уран бүтээлчдийн хувьд яг өдийд л ажил буцалдаг байх. Та гурав хамт амьдарцгааж байгаа гэж дуулсан?

- Тиймээ, хамтдаа амьдарч байгаа. Хамт амьдрахаар бүгдээрээ нэг уур амьсгалтай, бие биенийгээ хөглөөд ажил ч урагштай явж байна. Өглөө эрт босч гүйхээс авахуулаад өдөржин хамтдаа бэлтгэл сургуулилт хийнэ. Ажлаа хөөцөлдөж явж байгаа учраас нэг дор амьдрахаас ч өөр аргагүй юм. Тоглолтын дараа ч гэсэн хамт амьдрамаар л байгаа шүү. /инээв/

- Тэгвэл хэн нь ямар ажлыг хариуцан ажиллаж байгаа вэ?

- Соло маань хамтлагийн ахлагч учраас ерөнхийдөө бүх хамтран ажиллах гэрээ контракт, зохион байгуулалтаа хариуцана. Анхмаа маань тоглолтын хувцас, бүжигчид, зохиол найруулга дээр ажиллаж байгаа. Харин Ану бүх хөгжимчид, дууны найруулгын тал дээр ажиллаж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On’off” продакшн ажиллаж байна. Томоохон тоглолтуудыг найруулж байсан туршлагатай, хүчирхэг хамт олонтой ажиллаж байгаа учраас тоглолтдоо итгэл дүүрэн байгаа шүү.

- Тоглолтод хэчнээн уран бүтээл дуулах вэ? Өөр уран бүтээлчид тоглолтод оролцох уу?

- Манай хамтлагийн урын сангаас 20 гаран уран бүтээл дуулагдана. Түүнчлэн дуучин Б.Амархүүтэй хамтарсан “Зүрх чамруу” дуугаа тайзан дээрээс үзэгчиддээ дуулж, хүргэх болно. Мөн “Сарны чулуу” чуулгын бүжигчид оролцоно.

- Тоглолтын онцлог юу байх вэ?

- Мэдээж бидний анхны тоглолт учраас “Гурван охин” гэдэг хамтлагийн нэрийн хуудас болохуйц тоглолт хийхээр ажиллаж байгаа. Ямар ч байсан ирж үзсэн үзэгчид үргэлж дурсах тийм гайхалтай үдэш болно гэдэгт итгэлтэй байгаа.

- Тоглолтынхоо сюрпризүүдээс багаханыг дэлгээч?

- Өмнө нь дэлгэхээр хайран санагдаад байна. /инээв/ Ямартаа ч бид гурвыг зөвхөн дуулахаас гадна өөр юу хийж чаддаг, ямар авьяастай гэдгийг харах болов уу. Одоохондоо үүнээс цаашихийг нууцлая.

- Амьдаар явах уу?

- Мэдээж хэрэг. Энэ бол хамгийн наад захын стандарт. Амьд хөгжмийн баг маань ч бэлтгэлдээ орчихсон байгаа.

- Танай хамтлагийн уран бүтээлд бүжиг нэлээдгүй байр суурь эзэлдэг шүү дээ. Тоглолтын хэдэн хувь бүжигтэй явах вэ?

- Тэгэлгүй яахав. Бүжигчид маань “Энэ чинь бүжгийн тоглолт боллоо шүү дээ, бүжигтэй дуугаа багасгая” гээд одооноос санал гомдол тавьж эхлээд байгаа. /инээв/ Тэгэхээр нэлээдгүй хувь нь бүжигтэй явна гэсэн үг.

- Үс засалт, хувцасны хувьд?

- Үс засалтыг бидэнтэй олон жил хамтран ажилласаар ирсэн “Матрикс” салоныхон хариуцна. Харин хувцасны тухайд Америкт олон жил нэр хүндтэй шоу тоглолтуудад уригдаж, нугарч байсан Бямбажав, Бямбасүрэн гээд эгч дүүс тоглолтын маань хувцасны загвар шийдлийг гаргаж байна. Жинхэнэ шоу тоглолтын хэмжээнд харагдах сайн хувцаснууд гарч байгаа учир сэтгэл хангалуун байгаа.

- Тоглолтын хөгжим техник, гэрэлтүүлэг, тайз засалт ямар шийдлээр хийгдэж байгаа бол?

- Үүнийг та бүхэн ирээд үзсэн нь дээр байх. Хамгийн орчин үеийн шийдэлтэй сайн тоглолт болно гэдгийг л амлах байна.

- Тоглолтоос өмнө фенүүддээ бэлдсэн бэлэг байгаа юу?

- Байгаа. Хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ахаас эх орны сэдэвтэй гоё дуу авсан. Клипнийх нь зураг авалтад орчихсон. Дууны шүлгийг бидэнтэй олон дуун дээр хамтарч байсан ZZ маань бичсэн. Залуу хүний нүдээр эх орноо харж, хийсэн сайхан дуу болж байгаа.

- Ардын дууны цомгийн ажил хэдэн хувьтай явж байна?

- Одоохондоо түр хойшлогдсон. Тоглолтдоо бүх анхаарлаа хандуулан ажиллаж байгаа учраас халтуурдаж хиймээргүй байна. /инээв/ Тоглолтын дараахан удаахгүй гаргана аа.

- Тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

- Тасалбар 8000 төгрөгийн үнэтэй. “Улаанбаатар палас”-ын их танхимд энэ сарын 22,23-ны өдөр болно.

- Хөдөө орон нутгаар тоглох бодол бий юу?

- Байлгүй яахав. Харин цаг хугацааны хувьд тодорхой хэлж мэдэхгүй байна.

- Танай хамтлагийн хүсэл мөрөөдөл биелсэн гайхалтай үдэш дөхсөөр байна. Ярилцлагынхаа төгсгөлийг та гуравт үлдээе.

- Маш их баярлалаа. Тэр үдэш зөвхөн бид гурвын хувьд төдийгүй биднийг дэмждэг, сонсдог бүх үзэгч фенүүдийн маань хувьд ч тэр хамгийн гайхалтай сэтгэл догдлом үдэш болно гэдэгт найдаж байна. Цаг гарган уншсан бүх уншигчиддаа баярлалаа. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэе

Ө.Халиун/www.INET.mn
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms