Урлаг соёлын одод, олны танил хүмүүс анх хэрхэн гарч ирж, тухайн үеийн байгаа байдал болон ирээдүйн амьдралынхаа талаар чухам юу гэж ярьж байсныг нь сонирхоод үзэхэд гэмгүй байх. Үүнээс ч улбаалаад тэдний үзэл бодол, амьдралын хэв маяг хэр өөрчлөгдсөнийг харьцуулсан болохоор. Энэ удаа бид“Sound of kiss” хамтлагт дуулж байсан фото модель Т.Номинг онцоллоо. Тэрбээр оны шилдэг реклам сурталчилгааны шилдэг дүр төрх шалгаруулах“New Face-2006” наадмын“Фото загвар өмсөгч”-өөр шалгарч, олны нүдэнд өртөх үедээ өгсөн анхны ярилцлага нь энэ.
Хэдийнээс эхэлж загвар өмсч эхэлсэн бэ?
-Жил гаруйн өмнөөс. “Эра” төвийн загвар өмсөгчийн дамжаанд би фото модель чиглэлээр сурдаг.
-Яагаад заавал фото модель чиглэлийг сонгох болсон юм бэ?
-Одоохондоо нурууны өндөр, биеийн харьцаа маань хувцас загвар өмсөгчийн хэмжээнд хараахан хүрээгүй байна. Гэхдээ нас бага болохоор өсөх тусам өндөр болох байх. Тодорхой хэмжээгээр өндөр болчихоод загвар өмсөнө гэж боддог. Бас фото чиглэлээр ажиллах болсон маань миний жүжигчин болох хүсэлтэй холбоотой. Энэ ажилд жүжиглэх ур чадвар багагүй шаардагддаг учраас ирээдүйн мэргэжилд минь дадлага болох байх.
-Жүжигчний мэргэжлийн юу нь тэгтлээ татсан гэж. Өөрийгөө хэр бэлтгэж байна даа?
-Багаасаа л эхэлж сонирхсон мэргэжил. Гоё санагддаг юм. Энэ төрлийн дугуйланд сураагүй ч зав гарвал жүжиглэх тал дээрээ байнга анхаардаг. Гэртээ бэлтгэл хийж, ойр зуурын зүйл цэвэрлэж байхдаа ч хувийн бэлтгэлээ базаана. Бүр янз бүрээр аяглана шүү. Юутай ч дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн Кино-драмын ангид орох зорилготой байгаа.
-Тэгэхээр жүжиглэхийн зэрэгцээ загвар өмсөнө гэсэн үг үү?
-Загвараа орхихгүй. Гоо сайхны бүхий л талыг хөгжүүлж чадахуйц төрөл учраас эмэгтэй хүнд их хэрэгтэй. Гэхдээ жүжиглэхийнхээ хажуугаар өөр мэргэжил давхар эзэмших төлөвлөгөөтэй байгаа. Түүнийгээ одоохондоо нууцалчихья.
-Фото модель хүнд тавигдах шаардлага өндөр байдаг байх?
-Тийм шүү. Фото модель хүний арьс, үс хоёр л хамгийн гоё байх ёстой. Бас жүжиглэлт, нүүрний хувиралт чухал. Тиймээс нүүр царайны хэлбэр тэгш байх ёстой гэдэг.
-Дотуур хувцас ч юм уу, чөлөөт загварын хувцас өмсч зургаа авахуулдаг уу?
-Одоохондоо авахуулах болоогүй байх. Энэ чиглэлээр мэргэшсэн хойноо бусад фото моделийн адил иймэрхүү төрлийн зураг авахуулж болно.
-Зураг авалтын үед нүүр будалт, үс засалтаа хэнээр хийлгэдэг вэ?
-Өөрөө хийдэг. Хүнээр хийлгэснээс илүү чадахгүй байсан ч гэсэн өөрөө энэ бүхнээ хийх нь арай дээр санагддаг. Үс, зүсээ өөрөө янзалж тоглосон реклам, клипээ дараа нь үзэхээр гоё л харагддаг шүү дээ. Фото модель хүн энэ бүхнийгээ өөрөө хийж чаддаг байх хэрэгтэй.
-Тэгвэл энэ чиглэлээр ажиллаад хэр удаж байгаа юм бэ?
-Би фото зураг авахуулахаас илүү олон реклам, клипэнд тоглосон. Хамгийн сүүлд гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн“Асуудал” дууны клип, “Скайтел” компанийн рекламанд тоглолоо. Хүн болгон биеийнхээ өөтэй хэсгийг далдалж зургаа авахуулбал илүү гоё гарна. Би одоогоор арай л туранхай байгаа болохоор хөлийнхөө зогсолтод их анхаардаг. Ажлаас бусад үед би янз бүрээр хувцаслах дуртай. Сонирхсон стилиэрээ өөрийгөө танигдахгүй болтол нь өөрчлөхийг хүсдэг. Ямар нэгэн загварт баригдах дургүй гэх үү дээ. Хөгжмийн урсгалаас поп дуу голдуу сонсдог. Бас хип хоп ч дууг ч дагаад үглэчихнэ шүү.
-Хөгжилтэй ч гэмээр мөртлөө амьдралд байж болохуйц асуудалтай тулгарсан ээж охин хоёрын дүрийг чадварлаг бүтээсэн байна лээ. Үнэхээр өөрөө дуулсан юм уу?
-Хүмүүс энэ талаар их асуудаг юм аа. Үнэндээ миний дуулах хэсгийг жүжигчин Ч.Ундрал дуулсан юм билээ. Харин би“ам барьж” дуулсан гэх үү дээ. Их хэцүү юм. Би дуулсан гэх хэцүү, бас дуулаагүй гэх нь хаашаа юм.