Үзэгний үзүүр, хэвлэлийн бүх анхаарал над дээр төвлөрөөд миний юу хийх яах бүх хүнд хамаатай байх хэцүү. Ямар ч байсан даваад гарна даа гэсэн бодол байсан. Даваад гарна гэхээсээ илүү давуулчихгүй юмсан гэсэн үзэл бодолтой хүмүүс олон байсаан нуух юм байхгүй. Гэхдээ яах вэ. Надад харамсаад байгаа юм ч алга. Чадлынхаа хэрээр сайхан амжилт гаргалаа. Японы үндэсний спорт болох сумо бөхийг дэлхийн анхааралд аваачих, энэ спортыг хөгжүүлэхэд миний хувь нэмэр тодорхой хэмжээгээр байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын ард түмэндээ монгол цустай монгол хүн гэсэн омогшлыг энэ биеийнхээ хэмжээгээр төрүүлж өгсөн гэж боддог. Энэ бодлоо би багагүй бахархаж явдаг хүн. Өнөөдөр олимпийн аваргууд болон миний найз нар намайг хүндэтгэж угтаж авлаа. Сэтгэл сайхан байна.
-Таны зодог тайлах шалтгаан яг юу байсан бэ? Нэгэнт зодог тайлсан болохоор эх орондоо илүү завтай чөлөөтэй амьдарч болохоор боллоо. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байгаа вэ? Улс төрд орох уу. Аль эсвэл бизнес хийх үү,
Японы болон манай хэвлэл мэдээллээр бичигдэж байсан шиг хүн зодсон зүйл байхгүй. Ам зөрсөн тал бий. Үүн дээр дөрөөлөөд сумогийн холбоо яаран шийдвэр гаргачихав уу даа гэсэн бодол бий. Хүнд хор шар байна. Тэглээ хэлүүлээд энд байгаад байх шаардлага байна уу даа гэсэн бодож л байсан. Шийдвэрийг би өөрөө гаргасан. Зодог тайлсантай холбоотойгоор, цаашид юу хийх бол гэдэг дээр янз янзыг асуултууд гарч ирж байна. Наад зах нь зодоонч болно ч гэх шиг. Улс төрд орно. Бизнес хийнэ гэдэг ч юмуу. Би энэ жил 29 настай. Зодог тайлсанаас үүдэн миний хоёр дахь амьдрал эхэлж байна. Тийм болохоор биеэ дайчилж, сурч боловсорч улс эх орныхоо төлөө мэддэг чаддаг зүйл байх юм бол хийхийг хүсч байна. Цаашдаа монгол хүнийг хөгжүүлэхийн төлөө, монгол улсаа хөгжүүлэхийн төлөө, сэтгэлийн дэм өгч ажиллах бодол байна.
-Та өнөөдөр хүрээд миний хоёр дахь амьдрал эхэлж байна гэж хэллээ. Үүнээс үүдээд бас нэг асуулт байна. Сүүлийн үед хэвлэлүүдээр таныг дахин гэрлэнэ. Хуримын ёслол хийнэ гэж мэдээлэгдэх боллоо. Та албан ёсны хариу өгөхгүй юу?
Одоохондоо хурим найр хийнэ гэсэн асуудал байхгүй ээ. Хоёр хүүхдээ санаж ирлээ. Их том болцгоож. Энэ хэд хоногто хоёр хүүхдээ жаахан баярлуулна даа.
-Та үндэсний бөхөөр барилдах уу?
Үндэсний бөхөөр барилдаж явсан хүн шүү дээ. Барилдах хорхой байвч барилдахгүй.
-Мэргэжлийн сумод зодоглож байгаа монгол бөхчүүд таны амжилтыг давтаж чадах болов уу. Та бодлоосоо хуваалцаач?
Давтаасай л гэж хүсч байна даа.
-Тэдэн дундаас таны итгэл найдвар тавьж байгаа бөх хэн байна вэ? Та нэрлэхгүй юу?
Харумафүжи озэки Бямбадорждоо л найдвар тавьж байгаа. Даваажаргал аварга бол байр сууриа нэгэнт олсон аварга хүн. Тийм болохоор Бямбадорждоо л найдаж захиж хэлсэн юм байгаа. Тэр хүүхэд чадах байхаа.
-Өөрийнхөө залгамж халааг монголдоо бэлдээд мэргэжлийн сумод явуулах боломж байдаг болов уу?
Мэргэжлийн сумогийн холбоо бол дотоод дэг журамтай, орон зайтай. Гаднаас нөлөөлөөд байх боложтой байгууллага биш л дээ. Соёлын яамны салбарт харьяалагддаг байгууллага. Сумод хүүхдүүд бэлдээд цаашид дэмжээд явах боломж гарвал болохгүй гэж газаргүй. Гэхдээ одоохондоо би тийм юм хиймээргүй байна.
-Монголын их аваргыг зодог тайлсаны дараа мэргэжлийн сумогийн холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулж, гадны бөх авах тоогоо хязгаарласан гэсэн мэдээлэл хэр бодитой вэ?
Үнэний талтай байж болох юм.
-Таныг Америкт уул уурхайн бизнес сонирхож, биржээр ороод гарлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Цаашдаа Америкт амьдрах бодол байгаа эсэхээ хэлэхгүй юу?
Нэгэн суут хүн хэлсэн байдаг шдээ. “Газар дэлхий уужим хийх ажил их байна” гэж. Газар үзье. Том гүрний санхүүгийн бирж ямар байдгыг сонирхоё, нүдээр үзье гэж Америкт очсон үнэн. Одоогоор хувийн амьдралын нарийн ширийн төлөвлөгөө алга байна. Хэд хоног монголдоо сайхан амарнаа.
-Та бэлтгэл хийж байгаа юу?
Сумогийн бэлтгэл хийгээгүй ээ. Ерөнхийдөө биеэ сэргээх зорилгоор л бэлтгэл хийж байна. Цаашдаа бэлтгэл хийнэ гэхдээ сумогийн бэлтгэл хийхгүй. Ерөнхийдөө жингээ жаахан хаснаа. Олимпийн аваргуудтайгаа бэлтгэл хийнэ дээ.
-Танд японд өөрийн нэр дээр дэвжээ байгуулах бодол байгаа юу?
Иргэншлээс үүдээд надад ийм боломж олдохгүй. Японы иргэн байсан бол болох байсан.
-Хамгийн сүүлийн асуулт. Сумогийн дэвжээн дэхь таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ? Та нэрлэхгүй юу?
Цаг цагийн өрсөлдөгчид байсан даа. Сүүлд Монголын аварга арслан хоёр л гол өрсөлдөгч болж эхлэсэн. Яваа яваандаа тэр хоёр маань сумог хоёр талдаа аваад явах байх гэж бодож байгаа. Ер нь хүнд өрсөлдөгч гэж байдаггүй. Өрсөлдөгчтэй байх уу үгүй юу гэдэг хүний сэтгэлийн хатаас л шалтгаалдаг эд.