Түүгээр ч зогсохгүй энэ нь Америк-Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлөх ч магадлалтай гэнэ. Буддын шашны тэргүүнийг АНУ-ын төрийн тэргүүн хүлээн авч уулзах болгонд Хятадын эрх баригчид эсэргүүцлээ илэрхийлдэг. БНХАУ-ын дотоод хэрэгт оролцлоо, Далай лам бол салан тусгаарлахыг уриалж, улс орны бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гэж байна хэмээн буруутгадаг. Хятадын эрх баригчид түүнтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийх бүртээ шашны нэрийг барьсан улстөрч хэмээдэг юм.
Энэ удаад ч Далай ламыг АНУ-д айлчлахаас өмнө БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Барак Обамад хандан Буддын шашны тэргүүнтэй уулзахгүй байхыг уриалсан билээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч үүнийг хүлээж авсангүй.
Вашингтонд болсон уулзалт хувийн шинж чанартай байсан бөгөөд хаалттай болсон аж. Далай лам сэтгүүлчидтэй уулзахдаа "Бид ерөнхийдөө БНХАУ-ын бүрэлдэхүүнд үлдэх бодолтой байна. Түвд далайд гарцгүйгээс гадна хөгжлөөрөө маш их хоцрогдсон. Түвд хүн бүр Түвдийг хөгжүүлэх хүсэлтэй. Эдийн засгийн үүднээс авч үзвэл хөгжихийн тулд бид БНХАУ-ын бүрэлдэхүүнд үлдэх хүсэлтэй" гэжээ. Буддын шашны тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчтэй Түвд, Хятадын харилцаанаас гадна олон асуудлаар ярилцсан байна. Барак Обамаг ч, өөрийгөө ч манай дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хүний нэг гээд бусад хүмүүсийг хэрхэн сайн сайхан амьдруулах тухай ярьжээ. Өөрөөр хэлбэл, бусдын тухай илүү их санаа тавих юм байна. Энэ уулзалтыг Хятадын эрх баригчид хэрхэн хүлээж авах тухай сэтгүүлчид Далай ламаас асуужээ. Буддын шашны тэргүүн Бээжин үүнийг яавч таашаахгүй гэсэн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Тэрээр хилийн чанадад амьдарч буй түвдүүд Хятадын эрх баригчидтай хэлэлцээ хийж хэл амаа ололцоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Хятадын эрх баригчид энэ уулзалтыг эсэргүүцсэний хариуд Вашингтон ч тайлбар өгсөн. Хамгийн гол нь Далай лам үүнийг улс төрийн зорилго болгон ашиглаагүй гэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг шашны тэргүүнийх нь хувьд хүлээн авсан гэдгээ онцолж байгаа. Тэгээд ч АНУ нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэж, Түвдийн автономит илүү их эрх мэдэл олгохыг дэмждэг. Барак Обамаг Бээжинд айлчилсны дараахан Хятадын эрх баригчид Далай ламтай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Буддын шашны тэргүүний бие төлөөлөгчид Бээжинд очсон боловч уулзалт үр дүнд хүрээгүй. Ажиглагчдын үзэж байгаагаар Хятадын тал уг асуудалд хэтэрхий их сэтгэлийн хөөрлөөр хандсанаас хэд хэдэн удаагийн иймэрхүү уулзалт ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүргэжээ.