2010-11-05

“Тусгай салаа”-ны Сүлд буюу А.Алтанхуяг: Цэргийн алба хааж амжаагүй л яваа

“Бага байхдаа айлын ганц “эр хүн” гэдгээрээ аминдаа л ээждээ туслах гэж хичээдэг байсан. Наадмаар ундаа борлуулахаас эхлээд жимс түүж зах дээр зарах гэх мэт юм юмыг л хийж амьдралдаа тус болохыг боддог хүүхэд байлаа...Оюутан болоод Биокомбинат хол болохоор гэртээ харьж чадалгүй хотод найз нарынхаа гэрт очоод унтчихдаг тийм л үеийг туулсан. Миний өдий зэрэгтээ яваа маань ээжийн минь л ач буян. Би ер нь аав гэдэг хүнийг мэдэхгүй. Нэрийг нь ч мэдэхгүй өссөн л дөө

-Та цэргийн алба хаасан уу?
-Хааж амжаагүй л байна.

-Үзэгчид таныг “Тусгай салаа” кинонд тоглосноос тань хойш их сонирхож байна. Кинонд тоглохоос өмнө юу хийж байв. Өөрийгөө танилцуулаач?
- Миний бага нас Био комбинатад өнгөрсөн, би хотын унаган хүүхэд л дээ. Нийслэлийн Ерөнхий боловсролын 10-р сургуулийг төгсч СУИС-ыг 2008 онд Сугар багшийн удирдлага дор төгссөн. Сурч байхдаа МҮОНТВ-ийн “Сарны нулимс” олон ангит кинонд тоглож тус телевизтэй ойртсон л доо. Түүнээс хойш автын осолд орсны улмаас уран бүтээлээ хийж чадалгүй өнжсөн. Тэгээд олон ангит кинонд тоглосон байсан болохоор МҮОНТВ-ийн Өглөө хөтөлбөр, Гэрэлтэй цонх зэрэг студид ажиллах болсон. Түүний зэрэгцээ Маск продакшны ганц хоёр тоглолтод оролцож байсан. Одоогоор чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна л даа.
-“Тусгай салаа” кинонд тоглох учрал яаж тохиов?
- МҮОНТВ-д ажилладаг нэг найз маань надад “Тусгай салаа” гээд цэргийн тухай кино хийх гэж байна, чи шалгаруулалтанд ирж оролцооч гэсэн санал тавьсан. Цэргийн тухай гэхээр надад их хол санагдаж байсан ч шалгаруулалтад оролцохоор ирэхэд 800 гаруй хүүхэд бүртгүүлээд шалгуулж байсан. Сүлдийн дүрд тоглохоор мэргэжлийн, мэргэжлийн бус олон хүүхдүүд шалгуулж байсан л даа. Тэндээс нь гурван хүүхдийг авч үлдээд дүрд сонговол дуудна гэж хэлээд явуулсан юм. Нэг хэсэг чимээгүй болоод, би ч больсон л юм байхдаа гэж бодоод л байж байсан. Гэтэл нэг өдөр найруулагч утасдаад “За, Алтанхуягаа чи Сүлдийн дүрд тоглож чадах уу” гэхээр нь мэргэжлийн сургуулийг нь төгссөн юм болохоор чаднаа гээд л аваад хаячихсан. Тэгэж л дүртэйгээ ажиллаж эхэлсэн дээ.
-Дүрийн хувьд хэр боломжтой санагдсан бэ? Өөр дүрд тоглох санаа байсан уу?
- Сүлдийн дүрд тоглохоор болоод байхад Ми 15 кинонд тоглооч гэсэн санал ирж байсан. Миний хувьд Сүлдийн дүрээ сонгосон л доо. Ерөөсөө л Сүлдийн дүр бол мэргэжлийн жүжигчний хувьд ажиллагаатай бас мөлжүүртэй дүр байсан л даа. Киноны нэг гол санааг авч явах тийм дүр байсан. Баян айлын эрх хүүхэд цэргийн амьдралд ирээд холиог нь хутгаж тавьдаг тийм дүр шүү дээ. Би Сүлдийн дүр дээр нэлээн ажилласан, бас чамгүй судалгаа хийсэн.
-Цэргийн амьдралын талаар төсөөлөлтэй байсан уу?
-Миний анхны уран бүтээл цэргийн амьдралтай холбоотой байсан. Цэргийн холбогдолтой дууны клипэнд тоглож байсан. Мөн Хилийн цэргийн бөхчүүдтэй нэвтрүүлэгт оролцож байсан. Бас дипломынхоо ажлын “Үүрэг хүлээсэн цагт” гээд жүжгийн гол дүр болох цэргийн ахлагчийн дүрийг бүтээж байсан. Тэгээд бодохоор цэргийн дүр надад ойрхон ч юм шиг.
-“Тусгай салаа” кинон дээр бүтээсэн баян айлын эрх хүү Сүлдийн дүрээр юу хэлэх гэсэн юм бол оо. Дүрээ дүгнэж хэлбэл?
- Энэ кинон дээр өнөөгийн манай нийгмийн гурван өөр давхаргын гурван өөр өнцөгөөс цэргийн амьдралыг харуулах гэж зорьсон л доо. Сүлдийн дүр цэргийн алба бол нийгмийн давхарга хамаарахгүй хүнийг хүмүүжүүлдэг алба юм аа гэддгийг тодотгож өгсөн дүр л дээ. Зөвхөн Сүлдийг ч бус цэргийн албанд хүний зан чанарыг төлөвшүүлээд зогсохгүй сэтгэлийн хат суулгадаг гэдгийг харуулж байгаа. Товчхондоо ийм юм.

- Кино зураг авалтын үед зохиолоосоо халих, найруулагчийн санаанаас гадна өөрийнхөө сэтгэмжээр гаргасан хэсэг байдаг уу?
-Киноны хэллэг, жүжгийн хэллэг гэж өөр байдаг. Кинон дээр зохиолын утга санааг алдагдуулахааргүй бол өөрийн сэтгэмжээр үг нэмж хэлж болно гэж би боддог. Тэр ч үүднээсээ энэ кинон дээр дүрдээ тохирох сэтгэлдээ орж ирсэн үгнүүдийг хэлж байсан. Найруулагчид миний зарим тийм үгнүүд таалагдсан хэсэг ч байдаг.
-Кинон дээрээ нэг л их цагаан Хаммер унасан хангалуун залуу гардаг. Харин амьдрал дээр Хаммер унаж байсан уу?
-Сүлд гэдэг нөхөр бол миний хувьд тэнгэрт тулчихсан амьтан юм билээ. Би чинь хотын хөдөөд, боргил амьдрал дунд өссөн. Миний хүүхэд нас адуу мал эргүүлж, хурдны морь унаж өнгөрсөн байдаг юм. Дэгсдүүлсэн хүнд бол оюутан болоод л анх хотод орж ирж байлаа шүү дээ. СУИС-д ороод л хотожсон гэх үү дээ. Тэгэж бодохоор гоё ресторанд орж, тансаг машин энэ тэр унаж явсангүй. Хаммерыг тухайн үед зураг авалтын үеэр л унаж байсан. Ер нь би ээж дүү хоёртойгоо амьдардаг. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй энгийн л нэг борог амьдралд өссөн хүн шүү дээ.
-Та тэгвэл бараг өөрийнхөө эсрэг ангийн дүрд тоглосон юм шив дээ ?
-Тийм ээ. Бага байхдаа айлын ганц “эр хүн” гэдгээрээ аминдаа л ээждээ туслах гэж хичээдэг байсан. Наадмаар ундаа борлуулахаас эхлээд жимс түүж зах дээр зарах гэх мэт юм юмыг л хийж амьдралдаа тус болохыг боддог хүүхэд байлаа. Тухайн үед ангийн багш Цэрэндулам, Монгол хэлний багш Адилбиш нар маань их тусалж дэмждэг байсан. Энэ дашрамд намайг дэмжиж ирсэн багш нартаа баярлаж явдагаа илэрхийье. Оюутан болоод Биокомбинат хол болохоор гэртээ харьж чадалгүй хотод найз нарынхаа гэрт очоод унтчихдаг тийм л үеийг туулсан. Миний өдий зэрэгтээ яваа маань ээжийн минь л ач буян. Би ер нь аав гэдэг хүнийг мэдэхгүй. Нэрийг нь ч мэдэхгүй өссөн л дөө.


-Үзэгчдэд Номин та хоёрын хайр дурлал их таалагдаж байгаа. Тийм хайр байхад ямар санагдаж байна?
-Анх зохиолоо уншиж үзэхэд надад нэг л багтаж өгөхгүй байсан. Цэргийн амьдралд хаа байсан тусгай ангийн бүсгүйд дурлах асуудал хол санагдаж байсан. Гэтэл 013 –р анги, 150-р анги хамт үдийн хоолонд ордог байсан. Тэнд тийм учрал байж болохыг зохиолч олж харсан нь кинонд биелэлээ олох, үнэмшил төрүүлэх сэдэл болсон. Болохгүй юм ч байхгүй юм билээ. Цэрэгт өчнөөн сайхан залуус байна. Нэг нууц дэлгэхэд манай киноны уран бүтээлчдээс нэг нь тэр цэргийн ангид алба хааж байсан нэг залууд дурласан байсан.Хэлж чаддаггүй, яаж ч болдоггүй тийм нэг явдал болсон л доо. Тэгээд киноны зураг авалт дуусч байхад бидэнд хэлж байсан. Тэр бүсгүй хайртайгаа хэлж чадаагүй ч тэр цэрэгтээ чихэр жимс аваачиж өгч сайхан ярилцаж байсан тохиолдол бий. Тэгээд бодохоор Номин Сүлд хоёрын дурлал байж болох юм гэдгийг тэр явдал баталж өгсөн л дөө.
- Кинон дээр бол Сүлд Номинд ухаангүй хайртай болж үргэлжилдэг. Харин амьдрал дээр та Номин, Анужин хоёрын алийг нь сонирхох вэ?
-Хүмүүс киноны дүрээр нь тэр хоёр хүнийг харж байгаа. Яг амьдрал дээр байдал өөр нь ойлгомжтой. Тэр хүмүүсийн дотоод сэтгэл өөр, бүтээж байгаа дүрээсээ өөр шүү дээ. Миний хувьд яг энийг нь тэрийг нь сонирхдог гэвэл арай ширүүдэх байх л даа. Тэр хоёрыг би амьдрал дээр мэддэг болохоор сонголт хийх ч гэдэг юм уу. Тийм юм байхгүй л дээ. Дүр бол тухай киноны л дүр. Хүнийг бүтээсэн дүрээр нь хүлээж авч болохгүй.
- Найз бүсгүйтэй юу. Кинонд тоглосны дараа охид бүсгүйчүүдээс танилцах санал ирж байна уу?
-Одоогоор найз бүсгүй байхгүй л дээ. Охид бүсгүйчүүл танилцах энэ тэр гэсэн юм байж л байх юм. Гэр бүл төлөвлөх талаар би хараахан төлөвлөөгүй байна.
-Танай киноны зарим жүжигчид рекламанд тоглоод эхэлжээ. Тийм санал ирж байгаа юу?
- Би сая Хөвсгөлд амралт маягаар явахдаа өөрийн жижигхэн тоглолт хийж яваад ирлээ. Тэр хооронд олон клип, рекламны санал ирсэн. Хөдөө явж байсан учраас заримд нь амжаагүй. Одоо төлөвлөсөн ажил маш их байна.
- Кинонд тоглосон жүжигчидтэйгээ сайн найзууд болсон биз дээ? Одоо гадуур их шоудана биз?
-Өө уулзалгүй яахав. Кино зураг авалтын үеэр гурван сар нэг өрөөнд хамт амьдарч байнга хамт ажиллаж байсан болохоор бие сэтгэл нэг болчихсон. Кино зураг авалт дуусаад салаад явахад нэгнээ их санадаг юм билээ. Дэндэвийн дүрд тоглодог Эрдэнэбаяр бол манай дээд төгсөлт, Сугар багшийн маань шавь л даа. Тэр утгаараа их билэгшээж байсан. Манай “Түвшин” бол одоо УДЭТ-т жүжигчнээр ажилладаг. Сая би утсаар ярьсан одоо очих гээд л явж байна.
-Жүжигчний хувьд тоглож, хүчээ сорих хүсэлтэй дүр байдаг л биз дээ?
-Би бол дэлгэцийн урлагаас гадна тайзны бүтээлд их дуртай хүн л дээ. “Ромио Жуллетта”-гийн Ромиод ч юм уу, түүхэн жүжгийн ямар ч хамаагүй дүрд эхлээд тоглож үзэх хүсэлтэй байдаг. Хэзээ нэгэн цагт тийм дүрд тоглоно гэж зорьж байгаа.









Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms