Үзэгчдийн хүсэн хүлээсэн “Sweetymotion” хамтлагийн “Number One” бие даасан тоглолт өнөөдөр болох гэж байна. Тэдний тоглолт “АСА” циркт болох бөгөөд урд өмнө Монголд болж байгаагүй жинхэнэ шоу тоглолтыг үзэгчдэд амлаад байгаа аж. Тоглолтод АНУ-ын шилдэг бүжигчид, хөгжимчид оролцох юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Hero Entertainment” ажиллаж байгаа бол ерөнхий продюсерээр төгөлдөр хуурч Б.Чинбат ажиллажээ. Тоглолтод хамтлагийн экс гишүүн Т.Солонго оролцоно гэж үзэгчдэд таамаглаж байгаа юм. Энэ асуултад “Sweetymotion” хамтлагийнхан “Ирж ч магадгүй, ирэхгүй ч байж магадгүй, тоглолтоо ирж үзээд мэдээрэй” гэх тодорхой бус хариултыг өгөв. Харин тоглолтын тасалбарын хувьд ээд эгнээнд 8500 төгрөг, доод эгнээнд 9500 төгрөг, голын суудал 25000 төгрөгийн үнэтэй байна.
...